-1

ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ТҮГЭЭХ СУРГАЛТ-БИГЭР СУМД

2025-09-03 00:00:00    |   127

Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Л.Түвшинбаяр, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг Бигэр сумд өнөөдөр /2025.09.03/ томилолтоор ажиллав.

Томилолтын хүрээнд тус сумын иргэдтэй уулзаж, шүүхийн бүтэц, бүрэлдэхүүн, Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-иар шүүх хэрхэн өөрчлөгдсөн талаар болон эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийн үзүүлэлт, өсвөр насны хүн холбогдсон болон хохирсон судалгаа, ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэх, завдах асуудал, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт орсон байна.

Сургалтын үеэр өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн тоон үзүүлэлт, гэмт хэргийн төрөл, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, өсвөр насны хохирогчийн өртсөн гэмт хэрэг, зөрчлийн талаар онцлон танилцуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтны зүгээс ямар байр суурьтай оролцох, ямар үүрэг хүлээх талаар тодруулан тайлбарлаж, харилцан санал солилцлоо.

 

Мөн иргэдийн зүгээс электрон тамхи хэрэглэх, цахим мөрийтэй тоглоом тоглосноос үүдэх хор уршиг их байгаа талаар үзэл бодлоо илэрхийлж байсан бөгөөд түүний хор уршгийн талаар харилцан ярилцаж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Сургалтад нийт 60 гаруй хүн хамрагдсан бөгөөд иргэдийн асуусан асуултад хариулж, тэдэнд гарын авлага, брошур тарааж, шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулга авч ажиллалаа.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .