-1

ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ТҮГЭЭХ СУРГАЛТ-ТОНХИЛ, ДАРИВ СУМД

2025-05-12 00:00:00    |   87

Шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Одбаяр, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Л.Түвшинбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг Тонхил, Дарив сумдад 2025.05.09-ний өдөр томилолтоор ажиллав.

Томилолтын хүрээнд Тонхил, Дарив сумын иргэдтэй уулзаж, шүүхийн бүтэц, бүрэлдэхүүн, Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-иар шүүх хэрхэн өөрчлөгдсөн талаар болон эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийн үзүүлэлт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт орсон байна.

Сургалтын үеэр өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн тоон үзүүлэлт, гэмт хэргийн төрөл, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, өсвөр насны хохирогчийн өртсөн гэмт хэрэг, тоон үзүүлэлтийг тус тус онцлон танилцуулж, эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах талаар зөвлөсөн юм. 

Мөн сурагчдын дунд электрон тамхи хэрэглэх асуудал их байгааг дурдаад, түүний хор уршгийн талаар харилцан ярилцаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэсэн бөгөөд ялангуяа насанд хүрээгүй хүүхэд эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүсэх үр дагаврын талаар тайлбарлан таниулсан юм.

Тонхил сумын Засаг дарга Ч.Жаргалсайхан сургалтын төгсгөлд хэлсэн үгэндээ гэмт хэрэг, зөрчлийн талаар тоон мэдээлэл, статистик үзүүлэлтийг ярихаас илүүтэйгээр үр дагаврыг тайлбарлаж байгаа нь иргэд, сурагчдад хүртээмжтэй, ач холбогдолтой байгааг онцлон тэмдэглээд, ялангуяа шүүгч нар өөрсдөө энэ чиглэлээр ажиллаж байгаад иргэд талархаж байна гэдгийг илэрхийлсэн юм.

Сургалтад нийт 160 гаруй хүн хамрагдсан бөгөөд иргэдэд гарын авлага, брошур тарааж ажилласан байна. 

Тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газраас энэ онд Говь-Алтай аймгийн бүх сумдад ажиллаж, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх мэдээлэл түгээх ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .