-1

ХӨЛДӨӨ ГЭМТЭЛ АВСАН ДААГЫГ ГЭРТЭЭ АВААЧИЖ ЭМЧИЛСЭН ХҮНИЙГ “МАЛ ХУЛГАЙЛСАН” ГЭЖ ҮЗСЭНГҮЙ

2023-03-31 17:59:19    |   28


Шүүхийн нэр: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 
Шийтгэх тогтоолын огноо, дугаар: 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/24
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн тойм 2023.03.20  Тойм-5
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”  
            Говь-Алтай аймгийн Прокурорын газраас “иргэн О, Н нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж, иргэн Ц-д 500,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
           Шүүхэд хэлэлцэгдсэн нотлох баримтаар, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Автотээврийн төвийн урд зам дээр автомашинд дайрагдаж хөлдөө гэмтэл авсны улмаас явж чадахаа больсон даагыг шүүгдэгч О нь эхнэр 2 хүүхдийн хамт өөрсдийн эзэмшлийн “Портер” загварын автомашинаар тээвэрлэн хашаандаа авч ирэн эмчилсэн, улмаар уг дааганы эзэн Ц үүнийг мэдэж 2022 оны 10 сард О-ынд эмчлэгдэж байсан даагаа буцааж авсан үйл баримт тогтоогджээ. 
            Түүнчлэн, тухайн үед О, Н нар гэмтсэн нар даагыг авч явахдаа уг төвийн хашаанд амьдардаг иргэн А-д өөрсдийн хаягийг хэлж, даагыг авч явах талаар ярилцсан байна.
Шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох “шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шинжийг агуулаагүй, О, Н нарыг “тээврийн хэрэгсэл ашиглан, бүлэглэн мал хулгайлах” гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.
                                        
 Тойм бичсэн: Говь Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа

. . .