-1

Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтална.

2023-04-19 17:48:27    |   26

 

Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 001 дугаар тогтоол
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон 
Тоймын огноо, дугаар: 2023 оны 04 дүгээр сарын 18, Дугаар 3
Тоймын төрөл: Процессын тойм


Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн Ө нь “... гуравдагч этгээдийг татан оролцуулалгүйгээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн” гэсэн үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.


Хүсэлт гаргагч Ө нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан байна. 
Хүсэлтэд дурдсан шүүхийн шийдвэрээр А-г тухайн албан тушаалд эгүүлэн тогтоосон учир хүсэлт гаргагч Ө-г сумын Засаг даргын 2022 оны Б/31 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлжээ. Иргэн Ө сумын Засаг даргын 2022 оны Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх захиргааны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн байна. Үүний дараа Ө нь иргэн А-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дугаар шийдвэрийг  шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргажээ.


            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хянуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гаргахаар заасан. Сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэн иргэн А-г тухайн албан тушаалд эгүүлэн томилох үед хүсэлт гаргагч Ө тухайн шүүхийн шийдвэрийг мэдсэн байдаг. 


Иймээс хүсэлт гаргагч Ө нь шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн төдийгүй тухайн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хууль тогтоомжийн дагуу жинхлэн бүрмөсөн томилогдоогүй байсан, түүний өөрийнх нь нэхэмжлэл гаргасан сумын Засаг даргын Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдал нотлогдож байх тул хүсэлтийг хангахаас татгалзав.


Тойм бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн

. . .