ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ТҮГЭЭХ СУРГАЛТ-АЛТАЙ, БУГАТ СУМД
2025-11-17 00:00:00 | 34
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр, шүүгчийн туслах Д.Бүрэнтогтох, жолооч Ш.Гантөмөр нар нь 2025 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумдад ажиллалаа.

Дээрх хугацаанд Бугат, Алтай сумын иргэдтэй уулзаж, шүүхийн бүтэц, бүрэлдэхүүн, Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-иар шүүх хэрхэн өөрчлөгдсөн талаар болон эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийн үзүүлэлт, өсвөр насны хүн холбогдсон болон хохирсон судалгаа, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт орсон байна.

Сургалтын үеэр өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн тоон үзүүлэлт, гэмт хэргийн төрөл, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, өсвөр насны хохирогчийн өртсөн гэмт хэрэг, зөрчлийн талаар онцлон танилцуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтны зүгээс ямар байр суурьтай оролцох, ямар үүрэг хүлээх талаар тодруулан тайлбарлаж, харилцан санал солилцлоо.


Иргэдийн зүгээс цахим орчинд буюу фээсбүүк хуудсанд худал мэдээлэл тараах, сургуулийн орчинд үе тэнгийнхэний дээрэлхэлт, электрон тамхи хэрэглэх, цахим мөрийтэй тоглоом тоглосноос үүдэх хор уршиг их байгаа талаар үзэл бодлоо илэрхийлж байсан бөгөөд түүний хор уршгийн талаар харилцан ярилцаж, сонирхсон асуултад хариулж, тэдэнд гарын авлага, брошур тарааж, шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулга авч ажиллалаа.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР