-1

ХЭРГИЙН ЗҮЙЛЧЛЭЛИЙГ ХҮНДРҮҮЛЭХ ТОХИОЛДОЛД ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛНА

2023-02-28 11:37:24    |   28

ХЭРГИЙН ЗҮЙЛЧЛЭЛИЙГ ХҮНДРҮҮЛЭХ ТОХИОЛДОЛД ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛНА

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай шүүхийн тогтоол.
Хүчин төгөлдөр болсон.
2023.02.12 процессын хураангуй.
 
     Иргэн П нь өөрийн дагавар охин, насанд хүрээгүй хохирогч Т-г хүчиндсэн гэмт хэрэгт холбогдож, Прокуророос түүнийг “14-өөс дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх”, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

    Хэргийг шүүхэд хянан хэлэлцэх явцад, шүүгдэгч П-ийн үйлдэл нь “14-өөс дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх”, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” гэмт хэргүүдийн аль алиных нь шинжийг хангахгүй, харин түүний үйлдэл нь ...гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндэх...” гэсэн илүү хүнд гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүхээс үзсэн байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “… шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна...” гэж заасан байдаг.

    Иймд, шүүгдэгч П-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 20 хоногийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох буюу яллагдагчаар татсан тогтоолд зүйлчлэлийг хүндрүүлсэн нэмэлт өөрчлөлтийг оруулах, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэв.
 
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”                                                                
     

Говь Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн 
анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга

. . .