-1

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан уулзалт-ярилцлага зохион байгууллаа

2024-01-31 00:00:00    |   42

Шүүхийн 1 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан шүүхийн шийдвэрийн биелэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгарч буй асуудлыг хэлэлцэж, хамтын үйл ажиллагаандаа анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор шүүх, шүүхийн Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамтарсан уулзалтыг өнөөдөр /2024.01.31/ зохион байгууллаа.

Уулзалтад тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнууд, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, шийдвэр гүйцэтгэгч нар оролцов.

Уулзалтын эхэнд шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Оюунтуяа иргэн, захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх хуудасны өмнөх оны үлдэгдэл болон 2023 онд шинээр хүлээн авсан гүйцэтгэх хуудасны биелэлтийн талаарх мэдээллийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Мөнхзул хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэлийн талаарх мэдээллийг тус тус танилцууллаа.

Үүний дараа Ерөнхий шүүгч, шүүгч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар асуулт асууж, шүүхийн шийдвэрийн бодит биелэлтийн талаар санал, дүгнэлтээ илэрхийлснээр арга хэмжээ өндөрлөлөө.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .