-1

ХАШААГАА ОНГОРХОЙ, НОХОЙГОО СУЛ ҮЛДЭЭГЭЭД ХҮН УРУУЛУУЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

2023-11-17 09:56:58    |   28

      
Шийдвэрийн дугаар: 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоол.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн тойм: 2023.11.15 
 
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Говь Алтай аймгийн Прокурорын газраас иргэн Н-г “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иргэн Н нь Улаанбаатар хотруу олон хоногоор явахдаа сумын төвийн хашааны хаалгаа онгорхой мөн нохойгоо сул үлдээсны улмаас   хохирогч Д-г урж ноцон биед 30 орчим оёдол тавиулсан шарх, баруун гарын шууны хугарал буюу хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Эрүүгийн хуульд, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан юм. Орчиндоо аюул учруулж болох амьтан гэж өөрөө дайрч довтлон бусдын амь нас, эрүүл мэндэд бодит хохирол учруулж чадах байгалиас заяасан чадвартай гэрийн тэжээмэл амьтныг хамааруулан ойлгох бөгөөд ийм төрлийн гэрийн тэжээмэл амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинж хангагдана. Тодруулбал хазаж ноцон хүн, амьтныг гэмтээх, хороох байгалын чадвартай гэрийн тэжээмэл амьтныг олон нийтийн газар авч явахдаа тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хөтөлгөө хошуувчтай авч явах, орон сууц, хашаа зэрэг өөрийн эзэмшлийн бүсэд байгаа тохиолдолд хараа хяналтгүй гарахгүй байх, бусад хүн амьтан санамсаргүй байдлаар орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, тасарч алдуурахааргүй байдлаар уяах, зориулалтын торонд байлгах, түүнчлэн дээрх төрлийн амьтныг харуул манааны зориулалтаар ашиглахдаа олон нийтийн болон бусдын эзэмшил газарлуу чөлөөтэй нэвтрэх боломжийг хааж хашаа, хаалгаа бэхлэх үүргийг амьтан эзэмшигч хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас түүний эзэмшилд байдаг амьтан хүний биед халдан хүндэвтэр хохирол учруулсан бол орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Иргэн Н нь өөрийн эзэмшлийн бусдын амь нас, эрүүл мэндэд бодит хохирол учруулж чадах байгалын чадвартай гэрийн тэжээмэл амьтан болох нохойгоо дээрх шаардлагыг хангаагүй буюу хашааны хаалга онгорхой орчинд сул үлдээсний улмаас хохирогч Д-г урж ноцон хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнээд 1 сая төгрөгөөр торгох ял оногдууллаа. 
                                                               
                                                             Говь Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга

. . .