-1

Давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэв.

2023-03-15 17:55:05    |   28


 
Захирамжийн огноо, дугаар: 2022.11.16 №133/ШЗ2022/02032
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тойм: 2023.03.06, процесс №1

       Нэхэмжлэгч Н-ийн хариуцагч Б-д холбогдуулан гаргасан худалдсан орон сууцны үнийг хугацаанд нь төлөөгүйн улмаас алданги 30,363,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 479 дугаар шийдвэрээр шийдвэрлэжээ. 

        Уг шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, хариуцагчийн өмгөөлөгч Р нар оролцсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлыг шүүхэд ирүүлжээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дотор шийдвэрийг бичгээр гаргаж албажуулах, шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид шийдвэрийг албажуулах хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах, гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй гэж заасан.

          Шүүхийн 2022.09.30-ны өдрийн 479 дугаар шийдвэрийг хуульд заасан хугацаанд албажуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х нь 2022.10.14-ны өдрөөс 2022.10.28-ны өдрийн дотор шүүхэд ирж шийдвэрээ гардаж авах үүрэгтэй байтал уг үүргээ биелүүлээгүй /шийдвэрээ гардаж аваагүй/ тул шүүх гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход 2022.11.11-ны өдөр дууссан байна. 

          Шүүх шийдвэртэйгээ танилцах эрхийг нь хангах зорилгоор уг шийдвэрийг 2022.10.31-ний өдөр хэргийн оролцогчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн нь дээрхи хуульд заасан хугацааг, өөрөөр тоолох үндэслэл /ИХШХШТХ-ийн 119.8/-д хамаарахгүй ч шийдвэрийг шууданд хийсэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсон ч 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа дуусгавар болжээ.

          Иймд шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-г шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлоо 2022.11.11-ны өдрийн дотор гаргах эрхтэй байхад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нь давж заалдах журмаар гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ийн шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзав.

           Харин давж заалдах гомдол гаргах эрхийн хугацааг “хүндэтгэн үзэх шалтгаан”-ны улмаас хэтрүүлсэн бол энэ талаар нотлох баримтыг хавсаргаж, хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах эрхтэй болохыг тайлбарлав.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тойм бэлтгэсэн:
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат

. . .