-1

Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан эмчилгээний төлбөрийг бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан этгээдээс гаргуулав

2023-02-10 15:05:03    |   29


 
Шийдвэрийн огноо дугаар: 2023.01.12-ны өдрийн 133/ШШ2023/00025 
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Тойм: 2023.01.30, шийдвэр №2, 
 
       Нөхөр Даваа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Дулмаагийн хэвлий рүү хүчтэй өшиглөж зодсоны улмаас Дулмаагийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, зүүн бөөрний задрал зэрэг хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ялаар шийтгүүлжээ. 
 
      Эхнэр Дулмаа нь гэмтлийнхээ улмаас Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж, мэс засал хийлгэж, эмчлүүлсэн бөгөөд Аймгийн нэгдсэн эмнэлэг нь Дулмаагийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 12,973,466 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулан авсан байна. 
Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хүсэлтээр Прокурор нь Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон 12,973,466 төгрөгийг Дулмаагийн эрүүл мэндэд гэм хор учруулсан нөхөр Даваагаас нь гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 
Хариуцагч Даваа шүүхэд “Эхнэр маань нас барсан, би 4 хүүхэдтэй, нэхэмжилж буй мөнгийг төлөх чадваргүй тул нэхэмжлэлээс чөлөөлж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан.
 
     Дулмаа нь гэмтлийнхээ улмаас түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэж хэвтэн эмчлүүлсэн, мөн амбулатороор эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан, ийнхүү эмчлүүлсэн зардалд нь хууль, журамд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас 12,833,470 төгрөгийн төлбөрийг олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
 
       Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр, мөн Иргэний хуульд, Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн байгуулага нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасан.
 
       Шүүх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хүсэлтээр Прокурорыг эрүүл мэндийн даатгалын сангаас Дулмаагийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд гаргасан төлбөрийг Дулмаагийн эрүүл мэндэд хохирол учруулсан Даваагаас гаргуулах үндэслэлтэй, харин Даваагийн санаатайгаар үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын төлбөрийг багасгах болон чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хариуцагч Даваагаас 12,973,466 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулж шийдвэрлэв.  
 
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
 
Шүүхийн шийдвэрийг бүрэн харах бол 
энд дарна уу.
 
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг

. . .