-1

Хуульд зааснаар төлбөл зохих татварыг нөхөн төлүүлэх тухай акт нь илт хууль бус захиргааны актад хамаарахгүй

2023-01-26 10:42:45    |   30

 
Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон 
Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
          “Э” үйлдвэрийн газраас Татварын улсын байцаагчийн НА-05210000012 дугаартай нөхөн ногдуулалтын актын 15 дахь хэсэгт ус бохирдуулсны төлбөр болох 36,472,282.92, төгрөгийн нөхөн ногдуулалт, 14,588,913.17 төгрөгийн торгууль, 2,626,004.37 төгрөгийн алданги нийт 53,687,200.46 төгрөгийн төлбөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргажээ. 
Нэхэмжлэгчээс: Нийт олборлосон усны хэмжээгээр хаягдал усны дүгнэлтийг гаргасан, хөнгөлөлт эдлэх аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн хэрэглээг хасалт хийлгүйгээр тооцсон, итгэмжлэгдээгүй лабораторийн дүгнэлтийг үндэслэсэн учир илт хууль бус акт гэж, хариуцагчаас: Татварын ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөт хяналт шалгалт хийх аж ахуй нэгжид хамаарсан учир хяналт шалгалт хийсэн. Усны газраас ирүүлсэн дүгнэлтэд үндэслэн акт тавьсан, дүгнэлтэд заагаагүй учир хөнгөлөх чөлөөлөх асуудлыг шийдэх боломжгүй гэж тус тус маргадаг. 
           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй тул маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус байх тохиолдлуудын хүрээнд хянан шийдвэрлэлээ.
           Захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг тохиолдолд илт хууль бус актад тооцогддог. 
Харин татварын улсын байцаагч нэхэмжлэгчийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгах, гарсан зөрчилд нөхөн төлбөр, хариуцлага хүлээлгэх хуулиар олгогдсон чиг үүрэг, эрх хэмжээтэй учир татварын нөхөн ногдуулалтын акт нь илт хууль бус актад хамаарахгүй. Түүнчлэн иргэн, хуулийн этгээд хуульд заасан татварыг зохих хувь, хэмжээгээр төлөх үүрэгтэй тул хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн тохиолдлыг үүсгэхгүй юм.
           Иймээс нийт олборлосон усны хэмжээгээр хаягдал усны дүгнэлт гаргасан, хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн хэрэглээг хасалт хийлгүйгээр тооцсон, итгэмжлэгдээгүй лабораторийн дүгнэлтийг үндэслэсэн зэрэг нөхцөл байдал нь татварын нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоох үр дагаварт хүргэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  
 
Тойм бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн

. . .