-1

Зөвшөөрөлгүйгээр ойгоос унанги мод бэлтгэсэн нь зөрчилд тооцогдоно

2023-01-17 11:35:34    |   31

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 112/ШШ2022/0032
Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 17, Дугаар 1
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон 
Санамж: Энэхүү тойм нь зөвхөн шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд  олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 
 
Иргэн Ч.Ж нь 2022 оны 06 сарын 16-ны өдөр Халиун сумын Гүү бариач багийн нутаг Шонт гэх газраас 2 шоо метр унанги шинэс модыг ахуйн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр бэлтгэжээ. 
Улмаар байгаль орчны улсын байцаагчаас зөрчлийг шалган тогтоож, 300,000 төгрөгөөр торгосон байна. 
 Иргэн Ч.Ж нь уг торгуулийг эс зөвшөөрч, “байгалийн жамаар өтөл, өт идсэн, хөх буурал болсон, хуурай унанги 1 ширхэг модыг ахуйн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн” гэж тайлбарласан бол зөрчлийн хэрэгт хяналт тавьсан прокурор “Эрүүгийн хуульд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцох тул эрүүгийн хэрэг үүсгэж шалгана, зөрчлийн хэрэг үүсгэхгүй” гэж маргасан. 
Ургаа мод огтолж, түүний үндсэн хэсгээс бэлтгэсэн хэрэглээний мод бэлтгэх болон ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэж бэлтгэх нь бэлтгэх, боловсруулах арга, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөрөө ялгаатай болохыг харгалзаж, зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн тохиолдолд нийгэмд учруулах хор аюулыг харгалзан тооцож, гэмт хэрэг эсвэл зөрчлийн аль нэгэнд хамруулж, хариуцлага тооцно.
 
Шүүхээс тухайн тохиолдолд зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан нь зөв гэж үзэв. 
Яагаад гэвэл, тухайн тохиолдолд ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, хожуул, унанги, гишүү, мөчир цуглуулах замаар түлээний мод бэлтгэсэн тул эрүүгийн хэрэг үүсгэхгүйгээр, зөрчлийн хэрэг үүсгэж шийдвэрлэх бүрэн боломжтой. 
 Унанги модыг ойгоос бэлтгэх нь ойн санд хор, хохирол учруулахгүй, ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад эерэгээр нөлөөлөх ба гагцхүү ийнхүү унанги мод бэлтгэхдээ зохих зөвшөөрөл авч, уг зөвшөөрөлд заасан хэмжээ, байршил тогтоосон газраас бэлтгэх үүрэгтэй.
 
Шийдвэрийг бүтнээр харах бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах

. . .