Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №109/ШШ2024/0004 дүгээр шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2024 оны 03 дугаар сарын 26 өдөр Дугаар 02

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

               “Х O” ХХК нь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргатай 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр   Орон нутгийн өмчийн газрын граж, агуулахын барилгыг түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулан, гэрээг аймгийн Засаг дарга баталсан байна.

           Харин аймгийн Засаг дарга нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/505 дугаар гэрээг цуцлах тухай албан бичгийг тус  компанид хүргүүлж,  аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дугаар захирамжаар “Х O” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Түрээсийн гэрээг цуцалсан.

                 Улмаар "Х О” ХХК-иас аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж маргажээ.

                    Шүүхээс дээрх захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэв.

 

                 Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хууль ёсны зарчимд илэрхий харш, ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлэх бөгөөд тухайн захиргааны  актаар бий болгосон үүргийг хүн, хуулийн  этгээд биелүүлэх үүрэггүй, мөн түүнийг хэрэгжүүлэх ёсгүй, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхыг ойлгоно.

             Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн өмчлөгч болохын хувьд ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар орон нутгийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам болон түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар баталсан.

             Аймгийн Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг түрээслэх гэрээ байгуулсныг баталж, түрээсийн гэрээг цуцлах шийдвэр гаргаж байгааг тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

                  “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаанууд хамаарна. Тухайлбал захиргааны актыг огт эрх зүйн үндэслэлгүйгээр гаргах, хуульд заагаагүй үндэслэлээр эрхэд халдах, эсхүл тухайн үндэслэл болсон хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээтэй зөрчилдсөн бол илт хууль бус болно.

                Харин хууль хэрэглээний болон хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа захиргааны актыг илт хууль бусад тооцох алдаанд хамаарахгүй бөгөөд хууль бус захиргааны акт, илт хууль бус захиргааны акт нь агуулгын хувьд өөр юм.

                  Иймд маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус байх шинжийг агуулаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.