Шүүх захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх боломжтой

Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэр

           Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Тоймын огноо, дугаар: 2024 оны 04 дүгээр сарын 30, Дугаар 6

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

     Зөрчлийн тухай хуульд бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч 0065716 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн А нь “Арвай” хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийхэд төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр 218,690 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Гэтэл өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлого гэдэг нь яг хэдэн төгрөгийн, ямар орлого олсон юм бэ гэдэг нь бүрэн тогтоогоогүй байна. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй гэж эрх бүхий албан тушаалтны 0065716 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан.

     Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байх тул захиргааны байгууллагаас “Арвай” хүнсний дэлгүүрийн өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувийг шинээр тогтоож, дахин шинэ акт гаргах хүртэл 0065716 дугаар шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

     А-ийн “Арвай” нэртэй хүнсний дэлгүүр төлбөрийн баримт олгодоггүй гэх зөрчил тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй, А нь тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн.

   Харин 218,690 төгрөгийн торгох шийтгэл оногдуулахдаа өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнг хэрхэн тодорхойлсон, ямар орлогын үнийн дүнгээс 2 хувь тооцож торгох шийтгэл оногдуулсан нь тодорхой бус нотлох баримт авагдаагүй байх тул тайлант сарын хугацаанд тухайн хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийсэн орлогын үнийн дүнг тодорхой болгож, түүнээс үнийн дүнгийн 2 хувиар тооцох нь зүйтэй байна.

Тойм бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.