Засаг дарга акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй

          Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар шийдвэр

           Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2024 оны 04 дүгээр сарын 22, Дугаар 3

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч А, С, Г нараас аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          Маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгч нарыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татжээ.

 Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

       Нэхэмжлэгч нараас: “... 3 удаагийн хурал зарласан гэх боловч, хэн хэрхэн, хэдэн удаа зарласан нь тодорхойгүй, ямар асуудлаар хуралдахаар санаачлаад хэн хэн дэмжсэн болох нь тодорхойгүй” гэж, хариуцагчаас “... 3 удаа хурал зарлахад дээрх гишүүд ирээгүй тул чөлөөлүүлэх хүсэлтийг Засаг даргад ирүүлсэн тул эгүүлэн татсан.” гэж тус тус маргадаг.

        Төлөөлөн удирдах зөвлөлийн нэг гишүүн хуралдах шаардлагатай байгаа талаар бусад гишүүдэд олон нийтийн сүлжээний хэрэгсэл болох “Facebook”-ийн группээр мэдэгдсэн, үүний дараа 2 удаа хурал зарлаж аймгийн Тамгын газар цугласан гэснийг дурдан нэхэмжлэгч нарыг эгүүлэн татах шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна. Учир нь Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг төлөөлөх эрх бүхий дарга, эсхүл 6 гишүүн санаачлан зохион байгуулах эрхтэй байна. Хуралдааныг 6 гишүүн санаачлахдаа өөрсдийн эрх хэмжээний хүрээнд баталсан дэгд заасныг баримтлах үүрэгтэй байжээ. Тодруулбал хуралдаанаар хэлэлцэх асуудлаа тодорхойлон бүгд гарын үсэг зурж баримтжуулан Зөвлөлийн нарийн бичгийн даргад өгч, тэрээр хуралдаан зарлаж, тэмдэглэл хөтөлсөн байхаар дэгд журамласан байна.

          Зөвлөлийн гишүүд хурал санаачлах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэнээ бүрэн нотолж чадахгүй байх бөгөөд үүнийг шийдвэр гаргагч Засаг дарга хянаж нягтлаагүй байна. Мөн нэхэмжлэгч нар ээлжийн амралттай байсныг харгалзан үзээгүй, нэхэмжлэгч нарыг эгүүлэн татахаар шийдвэрлэхдээ сонсох ажиллагаа огт хийгээгүй байна.

     Иймээс Засаг дарга захирамж гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож нарийвчлан шинжлэн судлаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагааг хийхээгүй байх тул Засаг даргын захирамжийг хүчингүй болгов.

Тойм бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.