ТОВЧ МЭДЭЭ



ТҮҮХЭН ЗАМНАЛ
Говь-Алтай аймгийн Шүүхийн товч танилцуулга
 
    Говь-Алтай аймгийн шүүх 1940 оны 11-р сарын 30-ны өдөр хуралдсан аймгийн яамны дээд эрхийг барих анхдугаар их хурлаас шүүхийн дарга, орлогч дарга, ардын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй сонгон байгуулснаар 1940 оны 12 сарын 5-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулсан. Энэ үед аймгийн шүүх нь дарга, орлогч дарга, тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга зэрэг зургаан орон тоотой 14 мянган төгрөгийн төсөвтэй, конторын дөрвөн гэртэй байв. 1940-өөд оны үед шүүх цаазын бичигт зааснаар нэг жилээс дээшгүй хорих ялаар шийтгүүлэх эрүүгийн бүх хэрэг, 1000 төгрөгнөөс үл хэтрэх иргэний маргаантай хэргийг сумдын захиргаанд хүлээн авч сумын дарга, ардын хоёр төлөөлөгчтэйгээр шийдвэрлэн тэр эрхээс хэтэрсэн эрүү, иргэний бүх хэргийг аймгийн шүүхийн эрхээр шийдвэрлэхийн хамт сумдын дарга нарын шийдвэрлэсэн эрүү, иргэний бүх хэргийг хянадаг байжээ.
 
            Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1943 оны 3-р сарын 15-ны өдрийн 20-р тогтоолоор сумдын захиргаанд эрүү, иргэний хэргийг хүлээн авч шийдвэрлэдэг эрхийг өөрчилж, шүүн таслах ажлыг ардын шүүх дагнаж гүйцэтгэдэг болсноор аймгийн шүүхийн үүрэг ихэд өсч, ажлын хэмжээ нэмэгдэх болжээ.
 
            1947 онд аймгийн шүүхийн харьяанд ангийн шүүх нэртэй орон нутгийн ардын шүүхүүдийг байгуулах болж аймгийн захиргааны тэргүүлэгчдийн 14-р тогтоолоор ангийн шүүх дөрвийг тус бүр гурван хүний орон тоотойгоор байгуулж, хэд хэдэн сумдыг харьяалан хөдөө сумд төвлөрөн ажиллах болсон байна. 
 
            МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1953 оны 567146 дугаар тогтоолоор ангийн шүүхүүдийг ардын хэсгийн шүүх болгон өөрчилж шүүхийн дарга нарыг хөдөлмөрчдийн саналаар сонгох журмыг тогтоож, анхдугаар сонгуулийг 1956 оны 6-р сард явуулсан байна. 

            1962 оны нэгдүгээр сараас эхлэн ардын хэсгийн шүүхийг нүүдлийн шүүх болгон өөрчилж шүүгч нарыг АДХ-ын чуулганаас шууд сонгож аймгийн төвөөс хөдөө сумдад нүүдэллэн ажиллуулж байсан ба 1975 онд хэсгийн ардын шүүхийн сонгууль явагдаж хөдөлмөрчдийн хурлаас тус аймагт хэсгийн ардын шүүх зургааг байгуулан ажиллуулсан байна. 
Тус аймгийн шүүх байгуулагдахад анхны даргаар нь 1940-1943 онд Нямдалын Нямбуу ажиллаж байсан бөгөөд 1943-1948 онд Чимэдийн Рэнчинсамбуу, 1948-1951 онд Сэнгэдоржийн Сономхүү, 1951-1953 онд Монхооны Шагдар, 1953-1956 онд Балжидмаагийн Цэрэнбалжир, 1957 онд Дүгэрийн Нямдаваа, 1957-1960 онд Маадайн Төмөржав, 1960-1962 онд Готовын Лувсан, 1962-1978 онд Гомбожавын Пүрэвжав, 1978-1985 онд Дамбын Сундуйжав, 1985-1988 онд Раашийн Ишцог, 1988-1993 онд   Тогталын Байгонак нар шүүхийн даргаар тус,тус  ажиллаж байжээ.
 
            1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаж, 1993 оноос Монгол Улсын Шүүхийн тухай хууль мөрдөгдсөнөөр хараат бус, бие даасан шүүхийг жинхэнэ ёсоор байгуулах, ардчилал, хүний эрх чөлөөг баталгаажуулж, Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийн байгууллагуудыг засаглалын хэмжээнд харилцан бие биенээсээ үл хамаарч, харилцан бие биенээ хянаж, барьж, харилцан тэнцвэртэй байж Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага болох Шүүхийг УИХ, Засгийн газартай тэнцвэртэй хэмжээнд хүртэл бэхжүүлэхээр тусгасан нь Шинэ үндсэн хуулийн гол тулгуур зарчим болсон билээ.
            Дээрх Шүүхийн тухай хууль батлагдсанаар шүүхийн бүтэц өөрчлөгдөж,Говь-Алтай аймгийн шүүх,Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүх болон өөрчлөн байгуулагдсан бөгөөд аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр Б.Баасанхүү 12 жил, А.Насандэлгэр 5 жил 10 сар, Ө.Баттөр 2 жилийн хугацаагаар ажилласан байна. Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр  Б.Намхайдорж 6 жил, Д.Сарантуяа 12 жил, Д.Мөнхөө 1 жил 8 сарын хугацаагаар   тус,тус ажиллаж байжээ.
 
            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Шүүхийн тогтолцоо нь Монгол Улсын дээд шүүх, Аймаг нийслэлийн болон захиргааны хэргийн дагнасан шүүх, сум, сум дунд, дүүргийн шүүхээс бүрдэнэ гэж заасны дагуу тус Говь-Алтай аймагт Давж заалдах шатны болон захиргааны хэргийн, сум дундын шүүх байгуулагдан нийт 12 шүүгч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс томилогдон хуульд заасан шүүн таслах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байсан  байна.
 
            Шүүгчийг төв орон нутгийн хууль тогтоох болон, хурлын байгууллагаас тодорхой хугацаагаар сонгодог байсныг өөрчлөн бүх насаар нь томилдог болсон нь шүүгчийн хувийн хараат бус байдлын чухал баталгаа болсон төдийгүй, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг “Шүүх эрх мэдэл”-ийн хэмжээнд хуульчилсан цоо шинэ тогтолцоо болсон юм.
 
            Нийтийн эрх зүйн субъект болох засаг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль хэрэгжүүлэн биелүүлж байгааг, иргэд хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр хянан шалгаж, байгууллага албан тушаалтны, хууль бус акт, үйл ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилго, эрх мэдэл бүхий Захиргааны хэргийн дагнасан шүүх 2004 оны 06 сард байгуулагдан шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн явдал нь анхны дагнасан шүүх юм.
            Тус шүүхийн ерөнхий шүүгчээр А.Насандэлгэр, шүүгчээр Б.Саранчимэг агсан, Н.Хонинхүү нар ажиллаж байсан байна.

            Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шүүхүүдийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, аймгийн давж заалдах шатны шүүхийг   эрүүгийн болон иргэний  шүүн таслах ажлын төрлөөр дагнан  2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар   Говь-Алтай, Завхан аймгийн нутаг дэвсгэрийн харьяаллаар Завхан аймгийн төвд байршуулж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх гэж тус,тус өөрчлөн  байгуулсан байна.
            Мөн  тус аймаг дахь анхан шатны шүүхүүдийг  Сум дундын 5 дугаар шүүх, захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх болгон өөрчлөн байгуулж байсан байна.

            Монгол улсын Шүүх байгуулах тухай 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон байна. 

            Мөн Монгол улсын Шүүх байгуулах тухай 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар анхан шатны шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоож, Говь-Алтай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийг байгуулснаар өнөөдрийг хүртэл тус,тусын шүүн таслах ажиллагааг гүйцэтгэж байна.

            Говь-Алтай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Сарантуяа, шүүгчээр Д.Мөнхтуяа ажиллаж байгаад шилжиж, шүүгчээр Ч.Мөнхтуяа , Г.Мөнхтулга нар, Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Үйтүмэн, шүүгчээр Н.Оюунбилэг,Д.Янжиндулам нар, Говь-Алтай аймаг дахь захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Б.Саранчимэг агсан,Э.Золбадрах нар ажиллаж байгаад  ерөнхий шүүгчээр Э.Золбадрах томилогдон ажиллаж байна.

            Шүүх байгуулах тухай хуульд   өөрчлөлт оруулах тухай  2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар   тус аймагт давж заалдах шатны шүүхийг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэртэйгээр өөрчлөн байгуулсан байна.
Тус шүүхийн ерөнхий шүүгчээр Ш.Баттогтох, шүүгчээр Т.Жаргалсайхан,Ч.Энхтөр нар ажиллаж байна.

            1993 оны 04 дүгээр сард Шүүхийн Тамгын хэлтэс анх байгуулагдсанаас эхлэн хуульд заасны дагуу, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахын тулд, шүүх хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг сайжруулах, Шүүхийн санхүү аж ахуйг бэхжүүлэх, шүүгч ажилтнуудын нийгмийн асуудал, шүүхийн техник хэрэгсэл, аж ахуй хангамжийг шийдвэрлэх чиг үүрэгтэйгээр ажиллах болсон нь шүүхийн бие даасан байдалд чухал үүрэг гүйцэтгэж байна.

               Улмаар 2015 онд Шүүхийн тамгын хэлтэс нь Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газар болон өөрчлөгдөж,  шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх зэрэг чиг үүрэг, хэрэгжүүлэх ажил нь улам боловсронгуй болж, захиргааны болон үйлчилгээний нийт 25 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж,шүүхийн тамгын газрын даргаар Ж.Ганболд 1993 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Аймгийн хурлын тогтоол
1939 оны 12 сарын нэгнээ
     Говь-Алтай аймгийн анхдугаар бага хурлаас 

Говь-Алтай аймгийн яамны дарга тэргүүлэгчидэд 22-г сонгох тухай хэлэлцээд гаргасан тогтоол
1.    Аймгийн яамны тэргүүлэгчдэд үндсэн хууль ба сонгуулийн зааврын ёсоор хүмүүсийг сонговоос зохих хүнд нөхөр Билгүүн, Сэрээтэн, Лхагважав, Жамц, Чимэд, Зул, Налайжав, Гүнсэн, Нямбуу нарыг сонгохоос гадна аймгийн даргад нөхөр Билгүүн, орлогч даргад Сэрээтэн, Цэргийн хэлтсийн даргад Лхагважав,  Эмнэлэгийн хэлтсийн даргад Жамц, Гэгээрлэлийн хэлтсийн даргад Чимэд, Санхүүгийн хэлтсийн даргад Зул нарыг сонгон баталсугай. 
2.    Аймгийн шүүхийн даргад нөхөр Нямбуу, орлогч даргад Натагдовчин нарыг сонгон баталсугай. 



  


Хэрэгцээт линк

© Copyright 2021. Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар